"Build Mongolia 2022" буюу улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай болон барилга бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн хамгийн том үзэсгэлэн 2022.04.20-22ны өдрүүдэд “Степпе Арена – Мөсөн өргөө”-д зохион байгуулагдлаа.
Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнд оролцож буй бүхий л салбарынхан болон бидний хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах мөн улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг эдгээр салбарууд бүгд цуглан мэдээллийг нэг дороос авна гэдэг бол шинэ мэдээлэл олж авах, хамтран ажиллах түнш, харилцагч байгууллагаа олох гэх мэт маш том боломжийг үзэсгэлэнд оролцож буй болон ирж үзсэн бүх хүнд олгож байна. Өнөөдөр манай шинэ залуу мэдлэг боловсролтой залуучууд, инженерүүд дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн ажиллаж чадаж байгааг шинээр төрөн гарах суралцаж буй оюутан залуус маань харж ирээдүйдээ илүү итгэлтэй болох, магадгүй ажиллах салбараа сонгох, ажиллахыг хүсдэг компанийхаа тухай илүү их мэдээлэл авах алтан боломж гэж харж байна.
Бид 12 гаруй жилийн туршлагадаа үндэслэн эрчим хүчний дэлхийн чиг хандлагад нийцүүлэн үйлдвэрлэж буй дэвшилтэт техник технологиор тоноглосон бүтээгдэхүүнүүдээ хамтран ажилладаг байгууллагууд болон үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочиддоо танилцуулан амжилттай оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаас гадна үзэсгэлэнг зорин ирж буй хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болон бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг, компаниудын илтгэлүүд тавигдаж илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж өнгөрлөө.
Монгол улсын эдийн засагт голлох үүрэгтэй салбаруудыг нэгтгэж чадсан “Build Mongolia 2022” үзэсгэлэнд 10 гаруй орны 100 гаруй шилдэг компаниуд оролцсон бөгөөд “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК нь Дэлхийн чанарыг монголд үйлдвэрлэсэн гэдгээ баталж “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” цомын эзнээр шалгарлаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хамтран ажилладаг компаниуддаа болон үзэсгэлэнд оролцсон нийт бизнес эрхлэгчид, тус үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж ивээн тэтгэж хамтран ажилласан бүх компаниуддаа гүн талархал илэрхийлье.
Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая.